?>

Хөдөө аж ахуйн “Халх гол” Үндэсний бүтээн байгуулалтын бүсийн товч танилцуулга

Халх голын бүс нутагт 1960 онд суурь судалгаанд тулгуурласан эрдэм, шинжилгээний станц байгуулагдсан. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1972 оны 07 дугаар тогтоолоор “Халх гол” нэртэй 250 мянган га эргэлтийн талбай бүхий үр тариа, малын тэжээлийн ургамал, төмс, хүнсний ногоо мах, сүүний аж ахуй эрхлэх Сангийн аж ахуйг байгуулсан нь өнөөгийн хөдөө аж ахуйн бүтээн байгуулалтын бүсийн хөгжих эхлэл тавигдсан.

Засгийн Газрын 2010 оны Халх гол төслийг хэрэгжүүлэх тухай 97 дугаар тогтоолыг баталж, төслийн нэгж байгуулагдан ажиллаж эхэлсэн бөгөөд төслийн хүрээнд БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА) Дорнод аймгийн Халх гол сумын нутагт “Мал аж ахуй, газар тариалан хосолсон загвар аж ахуй”-г байгуулж, 2017 онд тус бүсийн захиргаанд барилга байгууламж, машин техник, эд хөрөнгө, мал сүргийг балансаар шилжүүлэн өгсөн.

УИХ-ын 2015 оны 75 дугаар тогтоолоор “Халх гол” чөлөөт бүсийг байгуулсан.

УИХ-ын 2016 оны 46 дугаар тогтоолоор Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүс байгуулахаар шийдвэрлэсэн.

Засгийн газрын 2016 оны 328 дугаар тогтоолоор Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүсийг байгуулж 500,000 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, хилийн заагийг тогтоосон.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2019 онд баталсан А-285 дугаар тушаалын дагуу тус бүсийн захиргаа нь Захиргаа удирдлагын алба, Хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй алба гэсэн 2 албатай, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн Загвар аж ахуй гэсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Засгийн газрын 2016 оны 187 дугаар тогтоолоор Бүсийг хөгжүүлэх хөтөлбөр, үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан холбогдох хууль тогтоомжийн дагуу байгаль орчинд ээлтэй, экспортын баримжаатай мал аж ахуйн болон газар тариалангийн эрчимжсэн аж ахуй, үйлдвэр байгуулах, дэд бүтэц,  аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл арга хэмжээг дотоод, гадаадын хөрөнгө оруулагч, хандивлагч байгууллага, нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагатай хамтран хэрэгжүүлж ажиллах гэж тус бүтээн байгуулалтын бүсийн цаашдын үйл ажиллагааны зорилтыг тодорхойлсон.

 “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт “Дорнод Монголын талын экосистемийн унаган төрхийг хадгалж, ногоон технологид суурилсан хөдөө аж ахуй, аялал жуулчлал, боловсруулах үйлдвэрлэлийн зохистой хослол бүхий бүс нутаг болж хөгжинө” гэж тусгасан нь УИХ, Засгийн газрын тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа тус бүсийн захиргааны үйл ажиллагаатай шууд уялдаж байна.

Leave a Reply

Your email address will not be published.