?>

✅ Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлэх үүрэг, чиглэл өглөө.

Засгийн газрын 2021 оны “Хөдөө аж ахуйн салбарын 2021-2022 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” 221 дүгээр тогтоол гарсантай холбогдуулан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлыг аймаг, орон нутагт эрчимжүүлэх, гүйцэтгэлийг зохион байгуулах талаар санал солилцох, үүрэг чиглэл өгөх зорилгоор аймгуудын Засаг дарга, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга нартай цахим уулзалт зохион байгууллаа.

📌 Хөдөө аж ахуйн салбарын 2021-2022 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажил нь бидний хамтын ажиллагаанаас ихээхэн шалтгаалах тул аймаг, нийслэл, сум, дүүргийн удирдлага, аймаг, нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газрууд дараах чиглэлийг баримтлан, орон нутгийн түвшиндээ шуурхай зохион байгуулах шаардлагатай байна. Тухайлбал:

– Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдаж орон нутагт хэрэгжүүлэх чиг үүргээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хамаарах арга хэмжээнүүдийг тусгах;

– Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.2-д аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн шатны жилийн төсвийн төслийг хэлэлцэн жил бүрийн 12 дугаар сарын 05-ны дотор батлахаар заасан тул Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт холбогдох хөтөлбөр, арга хэмжээнүүдийг тусгаж ажиллах;

– Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулж, татварын орлогын эх үүсвэрийг зориулалтын дагуу зарцуулах;- Тарга хүч бүрэн аваагүй мал болон бэлчээрийн даацаас хэтэрсэн малыг эдийн засгийн эргэлтэд оруулах;

– Мал сүргийг гоц халдварт шүлхий, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, шимэгчтэх өвчнөөс эмчлэн сэргийлэх арга хэмжээг технологит хугацаанд хамруулах;

– Нутаг дэвсгэрийнхээ хүн амыг стратегийн хүнсээр тогтвортой, хүртээмжтэй хангах хүрээнд аймгийн төвийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан махны нөөцийг тогтоолын хавсралтад заасан тоо хэмжээгээр бүрдүүлэх;

– /КОВИД-19/-ын цар тахлын урьдчилан төсөөлөх боломжгүй нөхцөлд аймаг, орон нутгийнхаа хүн амын хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Засгийн газрын 2020 оны 215 дугаар тогтоолд тусгагдсан жагсаалтад багтсан хүнсний болон бусад бүтээгдэхүүний зохистой нөөцийг бүрдүүлэхэд анхаарч ажиллах, шаардлагатай тохиолдолд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нөхөн бүрдүүлэлтийг хийх;

– Нийслэлийн хүн амын 2022 оны хаврын улирлын махны нөөц бүрдүүлэх зорилгоор аймаг, орон нутгаас нийслэл рүү нийлүүлж буй амьд мал болон мах ачсан тээврийн хэрэгслийг саадгүй нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах;

– Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Мал, малын гаралтай түүхий эдийг боловсруулах байгальд ээлтэй цогцолбор байгуулж, хөдөө аж ахуйн гаралтай бараа, бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлнэ гэж тусгагдсан. Энэ хүрээнд Дархан-Уул аймагт “Дархан арьс ширний цогцолбор, Ховд аймагт “Шинэ Ховд үйлдвэрлэл, технологийн паркуудыг байгуулахаар ажлыг эхлүүлсэнтэй холбогдуулан орон нутгийн удирдлагууд дэмжиж ажиллах.

📌 Ургац хураалтын бэлтгэлийг сайтар хангаж, технологийн хугацаанд үр дүнтэй зохион байгуулах чиглэлээр дараах асуудалд онцгой анхаарал хандуулж ажиллах шаардлагатай байна.

– Ургацын урьдчилсан төлөв, таримлын болцыг талбай нэг бүрээр тогтоож, үнэн зөв мэдээлэл гаргаж ирүүлэх;

– Ургац хураалтад ажиллах хүн хүч, техник, тоног төхөөрөмж, үтрэм, зоорь, агуулах, элеваторын бэлэн байдлыг хангах;

– Цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор ургац хураалт удааширч болзошгүй байгаа тул ургацыг малаас хамгаалах, мал бүхий иргэдийг 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл тариалангийн бүсэд оруулахгүй байх зохион байгуулалтын арга хэмжээ авах;

– Шинэ ургацаас дараа оны тариалалтад зориулан хүрэлцэхүйц хэмжээний чанар сайтай үрийн нөөц бүрдүүлэхэд онцгой анхаарч холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах;

– Орон нутгийн түвшинд таримал тэжээлийн нөөц бүрдүүлэх, төмс, хүнсний ногооны хадгалалт, борлуулалтад төсвийн худалдан авалтаар дэмжлэг үзүүлэх;

– Тариалангийн талбайн хөрсийг хамгаалах, бэлчээр, тариаланд хөнөөл учруулдаг өвчин, хортноос урьдчилан сэргийлэх чиглэлээр өөрийн эрхлэх асуудлын хүрээнд холбогдох хууль, тогтоомж, журмын хэрэгжилтийг хангуулж ажиллах;

– Ургац тээвэрлэлтийн замын гэмтэл, засвар арчилгааг хэвийн байлгахад анхаарах;

– Ургац хураалтад өөрийн аймаг орон нутаг дахь МСҮТ болон их, дээд сургуулийн оюутан залуус, цэргийн алба хаагчид, ААН-үүдийг хамруулах.

📌 Хөдөө аж ахуйн салбарын 2021-2022 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах хүрээнд аймаг, нийслэл, сум, дүүргийн түвшинд нарийвчилсан төлөвлөгөөг гарган зохион байгуулж, хэрэгжилтийн үр дүнг 2022 оны 10 дугаар сарын 25-ны дотор багтаан, хэрэгжилтийн биелэлтийг Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт ирүүлэхийг үүрэг болгов.

Эх сурвалж: https://www.facebook.com/Mendsaikhan.z

Leave a Reply

Your email address will not be published.