?>

Олон улсын ахмадын өдрийн баярын мэнд хүргэе

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт он удаан жил ажиллаж, ажил, мэргэжлээрээ амжилт бүтээл гаргасан Эрхэм хүндэт ахмадууд Та бүхэндээ “Олон Улсын Ахмадын өдөр”-ийг тохиолдуулан чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байна.

Ахмадууд та бүхний оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулж бүтээсэн, бидний залгамжлан хөгжүүлэхийн төлөө зүтгэж буй хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар нь айл өрх бүрийн зоогийн ширээг дүүрэн байлгаж, хүн зоны өдөр тутмын хэрэглээг хангаж байдаг билээ.

Бид “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны бодлогыг 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх дунд хугацааны бодлого”-ыг тодорхойлж, түүний хэрэгжилтийг зохион байгуулах ажилдаа ороод байна.

Энэхүү бодлогын хүрээнд:Хүнс, хөдөө аж ахуйн салбарт гол нэрийн хүнсийг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангаж, хүнсний аюулгүй байдлыг сайжруулах, малчдаа чадавхижуулах, малын эрүүл мэнд, удмын санг хамгаалах, тэжээл үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуй эрхлэх, техник технологийн дэвшил нэвтрүүлж газар тариалангийн салбарын бүтээмжийг дээшлүүлэх, хөрсний үржил шим, усалгаатай тариалан, үр сортын шинэчлэлийн асуудалд бодитой өөрчлөлт, үр дүн гаргахыг зорьж байна.

Үйлдвэр, худалдааны салбарт хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээ, ложистикийн тогтолцоог зах зээлийн эрэлт шаардлагад нийцүүлэн хөгжүүлэх, үйлдвэрлэл, хадгалалт, борлуулалтын цогцолбор төвийг ашиглалтад оруулах, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортын хэмжээг нэмэгдүүлэн импортын хамаарлыг бууруулах зэрэг асуудлыг шийдвэрлэх зорилт тавин ажиллаж байна.

Ахмадууд та бүхэн бидний хэрэгжүүлэхийг зорьж буй бодлогыг үнэ цэнтэй санал, зөвлөгөөгөөр дэмжин ажиллахын хамт залуу үеийнхээ санаачилга, ажил үйлсийг өөрийн мэдлэг чадвар, туршлагаараа баяжуулан салбарынхаа хөгжилд урьдын адил үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын ахмадууд Та бүхэндээ эрүүл саруул байж, аз жаргалтай амьдрахын ерөөл дэвшүүлье.

Хүндэтгэсэн:

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД З.МЭНДСАЙХАН

Leave a Reply

Your email address will not be published.