?>

✅ “Хүнсний хангамж, Аюулгүй байдал – Газар тариалан” үндэсний чуулган 2 дахь өдрөө Жимс, жимсгэнэ, төмс, хүнсний ногоо, зоорийн аж ахуй эрхлэгчдийн зөвлөгөөнөөр үргэлжилж байна.

Өнгөрсөн оны байдлаар манай улсад 338 аж ахуйн нэгж, 2511 иргэн жимс жимсгэнийн тариалан эрхэлж, жимст цэцэрлэгийн талбай 6686 га –д хүрч, хураан авсан жимсний ургац түүхэндээ анх удаа 3760 тонн болсон сайн мэдээтэй байна.Гэвч хураасан ургац нь физиологийн нормоор тооцоход хүн амын жилийн хэрэгцээний 2 хүрэхгүй хувийг хангаж жил бүр 20-24 мянган тонн жимс импортоор авч байна.

Жимс жимсгэнэ нь тариалснаас хойш үр жимсээ өгтөл гурваас доошгүй жил шаарддаг, олон жилийн уйгагүй хөдөлмөр, хөрөнгө санхүүжилт, шинжлэх ухааны үндэслэл бүхий арга технологитой тул төрийн дэмжлэг, урт хугацаат хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай салбар гэдгийг ойлгож анхаарал хандуулан ажиллаж байна.

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж эхэлсэн “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн”-ий хүрээнд яамнаас жимс жимсгэнийн талбайг 13.5 мянган га-аар нэмэгдүүлж 20 мянган га-д хүргэхээр ажиллаж байна. Үүний тулд 24 сая ширхэг жимс жимсгэнийн мод тариалах, 21.8 мянган км тариалангийн талбайд ойн зурвас байгуулах, 330 сум, 22 аймаг, нийслэлд агро-ойн аж ахуй байгуулж нийт 128.2 сая ширхэг мод тариалахаар төлөвлөж байна.

Энэхүү ажилд жимс жимсгэнийн тариалан эрхлэгчдийн үүрэг, оролцоо нэн чухал байх нь гарцаагүй. Яамны зүгээс эрх зүйн орчныг сайжруулах, санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгох, бусад яамд, уул уурхайн компаниудын хамтын ажиллагааны уялдаа холбоог хангах зэргээр дэмжлэг үзүүлж ажиллана.

✅ Газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид, жимс, жимсгэнэ тариалагчдад 100 тэрбум төгрөгийн зээлийг 2 жилийн хугацаатай 3 хувийн хүүтэй олгоно.

✅ Жимсгэнэ тариалагчид жимс тариалсан га тутамд 10 сая төгрөгийн зээл авах боломж бүрдсэн.

✅ Жимс жимсгэнийн суулгац үржүүлгийн төвүүдийг аймгуудад байгуулах, суулгац үйлдвэрлэлийг дэмжих зэргээр баталгаат сортын суулгацын хангамжийг нэмэгдүүлнэ.

✅ 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр “Увсын чацаргана”-ыг Монгол Улсаас анх удаа Европын холбоонд “Газар зүйн заалттай бүтээгдэхүүн”-ээр баталгаажуулж гэрчилгээ олгосон. Үүний үр дүнд экспорт нэмэгдэх бодит боломж бүрдээд байна.

✅ Цаашид Монгол чацарганын давуу тал, боломж нөхцөлөө ашиглан шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэн өрсөлдөх чадварыг дээшлүүлж, үнэ цэнэ бий болгон дэлхийн зах зээлд тогтвортой гаргаж экспортыг нэмэгдүүлэхэд бүх талаар дэмжлэг үзүүлэн хамтран ажиллана.

Эх сурвалж: https://www.facebook.com/Mendsaikhan.z

Leave a Reply

Your email address will not be published.