?>

📌 Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн: Хөдөө аж ахуйг дэмжих зээл нь хүнсний хангамж тогтвортой байхад нөлөөлж байна.

Хөдөө аж ахуйг дэмжих хөнгөлөлттэй зээлийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэнтэй ярилцлаа.

– “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд хөдөө аж ахуйг дэмжих 500 тэрбумын зээл багтсан. Уг зээл зоригоо хэрхэн биелүүлж байна вэ?

Засгийн газрын 2021 оны хоёрдугаар сарын 17-ны өдрийн 42, 59 дүгээр тогтоолоор “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г баталсан. Уг төлөвлөгөөний 2.5-д хөдөө аж ахуйг дэмжих зорилгоор 500 тэрбум төгрөгийг арилжааны банкуудын эх үүсвэрт тулгуурлан жилийн гурван хувийн хүүтэй олгох, уг зээлд хамрагдсан аж ахуйн нэгжид Засгийн газраас 7.65 хувийн хүүгийн дэмжлэг үзүүлэхээр баталсан.Энэ хөнгөлөлттэй зээл нь хөдөө аж ахуй эрхлэгч аж ахуйн нэгжүүд болон иргэдэд зориулан ажлын байраа хадгалах, бизнесийн үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад шаардлагатай эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх зорилготой. Ноолуур, ноос, арьс шир бэлтгэлд 200 тэрбум төгрөг, хаврын тариалалтад 100 тэрбум төгрөг, малчдыг дэмжихэд 200 тэрбум төгрөгийг арилжааны банкны эх үүсвэрээр олгохоор шийдвэрлэж, арилжааны банкуудтай бодлогын гэрээ байгуулан хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж байна. Түүнчлэн Засгийн газрын 2021 оны 216 дугаар тогтоол гарч Хөдөө аж ахуйг дэмжих 500 тэрбумын зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлж 650 тэрбум төгрөг болгосон.

– Зээл олголтын явц ямар байгаа вэ. Яг зорилтод эздэдээ хүрч байна уу?Энэ сарын 15-ны байдлаар нийт 523.6 тэрбум төгрөгийн дүн бүхий 24851 хүсэлт ирснээс 320.1 тэрбум төгрөгийн буюу 20027 хүсэлтийг шийдвэрлэсэн байна. Энэ нь нийт ирүүлсэн зээлийн хүсэлтийн 80.6 хувь, зээлийн хэмжээний 61.1 хувь болж байгаа юм. Үүнээс ноолуур бэлтгэлийн зээлд 94.8 тэрбум төгрөг, хаврын тариалалтад 31.2 тэрбум төгрөг, малчдыг дэмжих чиглэлд 194.7 тэрбум төгрөгийн зээлийн дэмжлэгийг хөдөө аж ахуй эрхлэгч аж ахуйн нэгжүүд болон иргэдэд үзүүлсэн.

– Арилжааны банкууд өөрсдийн эх үүсвэрээр зээлийг олгож байгаа учраас тавигдах шаардлага нэлээд өндөр байх шиг байна?

Яамны зүгээс бодлогын хүрээнд цөөн хэдэн шаардлагыг тавьж байна. Ноолуур бэлтгэлд зориулсан зээл авах аж ахуйн нэгж ноолуур самнах болон түүнээс дээш түвшинд боловсруулалт хийдэг байх, түүхий ноолуур худалдан авахдаа төлбөрийг бэлэн бусаар шилжүүлэх эсвэл санхүүгийн баримтаар баталгаажуулсан байх, зээлийг зориулалтын дагуу ашиглах гэсэн шаардлагатай. Тариалан эрхлэгчдэд өөрийн эзэмшлийн болон түрээсийн газартай байх. Тухайлбал үр тариа, тос, тэжээлийн тариалан эрхлэгчид нь 1 га-аас дээш, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалах талбай 0.1 га талбайгаас дээш, өвөл, зуны хүлэмжийн аж ахуй эрхлэгч 30 метр квадратаас дээш талбайтай байх, зээлийг зориулалтын дагуу ашиглах зэрэг шаардлагыг тавьж байна. Харин малчдад зээл олгохдоо жил бүрийн мал тооллогын “А” дансны мэдээллээр малаа баталгаажуулсан байх, банкны салбар, тооцооны төв байрлах орон нутагт оршин суудаг байх, мал аж ахуй эрхлэх зохих туршлага хуримтлуулсан байх, малаа заавал даатгуулсан байхыг шаардахгүй боловч малаа даатгуулсан малчдад зээл олгохыг чухалчилж байгаа.

– Ноолуур бэлтгэлийн зээлд арьс шир, ноос бэлтгэдэг аж ахуйн нэгжүүд хамрагдах боломжтой юу?

Боломжтой. Ноолуур самнах болон түүнээс дээш дамжлага бүхий аж ахуйн нэгжид түүхий ноолуур худалдан авахад зориулж хөнгөлөлттэй зээлийг олгож байсныг Засгийн газрыг 2021 оны тавдугаар сарын 05-ны өдрийн 131 дүгээр тогтоолоор ноос, арьс шир бэлтгэлд зориулан хөнгөлөлттэй зээл олгохоор өөрчлөлт оруулсан. Одоогоор ноолуур бэлтгэлд нийт 37 зээлдэгчид 94.8 тэрбум төгрөгийн зээл олгоод байна.

– Тариалан эрхлэгчдийн хувьд энэ зээл үнэхээр таатай, урьд нь байгаагүй бодит дэмжлэгийг үзүүлж байгаа боловч зээлийн эргэн төлөлтийн хугацаа нэг жил гэж байгаа нь хүндрэлтэй гэж байсан. Тэгэхээр энэ хугацааг уртасгах боломж бий юу?

Тариаланчдаас зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгах асуудлыг тавьж байгаа. Улс орны эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан энэ хугацааг гурав хүртэл жилээр сунгах талаар санал боловсруулан Сангийн яам болон холбогдох байгууллагуудад хүргүүлээд байна.

– Малчдын хувьд, цөөн тооны малтай иргэд малынхаа тоо толгойг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах зорилгоор зээл авах гэсэн боловч хамрагдаж чадахгүй байна гэж байсан. Энэ чиглэлд ямар нэгэн зохицуулалт хийх боломжтой юу?

Малчин, мал бүхий этгээдэд хэрэглээний зээлээс бусад банкны ижил төрлийн зээлийн бүтээгдэхүүний нөхцөлөөр 50 сая хүртэлх төгрөгийн зээлийг олгож байгаа. Үндсэн төлбөрөөс 12 сарын хугацаанд чөлөөлөгдөж, жил бүрийн мал тооллогын “А” дансны мэдээллээр баталгаажуулан хэрэгцээ шаардлагадаа тохирсон зээлийг авах боломж нээлттэй юм. Мөн дээр хэлсэнчлэн арилжааны банкуудын эх үүсвэрт тулгуурлан олгогдож байгаа зээл учраас малчид шууд харилцдаг арилжааны банкандаа хандах хэрэгтэй.

– Малчдыг дэмжих зээлийн эх үүсвэр 200 тэрбум төгрөг. Үүнээс 194.7 тэрбумыг нь олгоод байна гэлээ. Цаашид энэ зээлийн эрэлт их байгааг харгалзан үзэж, 50 тэрбумын эх үүсвэрийг нэмэх тухай шийдвэр Засгийн газраас гарсан. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

Мал аж ахуй эрхлэгчид, малчдын зүгээс малын үүлдэр, ашиг шимийг сайжруулах, бэлчээр хамгаалах чиглэлээр ирүүлсэн зээлийн хүсэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийг 50 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулсан. Энэ нь малчдын хүсэлт, эрэлт хэрэгцээнд тулгуурласан шийдвэр юм. Мөн Засгийн газрын 2021 оны долдугаар сарын 20-ны өдрийн 216 дугаар тогтоолоор нөөцийн мах бэлтгэлд 100 тэрбум төгрөгийн санхүүжилтийг арилжааны банкаар дамжуулан олгохоор шийдвэрлэсэн.

– Махны нөөц бүрдүүлэхэд 100 тэрбум төгрөгийг арилжааны банкны эх үүсвэрээр олгохоор Засгийн газраас шийдвэрлэсэн байна. Энэ зээлийг ямар зохицуулалтаар олгох вэ?

Аймаг, нийслэлийн хүн амын 2021-2022 оны өвөл, хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан 20 мянган тонн хүртэл махны нөөц бүрдүүлэхэд зориулж 100 тэрбум төгрөгийг нэг жилийн хугацаатай 3 хувийн хүүтэйгээр мах бэлтгэх үйлдвэрт олгоно. Засгийн газраас зээлийн хүүгийн 7.65 хувийг хариуцан төлөхөөр шийдвэрлэсний дагуу нэг талаас Сангийн яам болон Монгол банктай хүүгийн санхүүжилтийн гэрээ, нөгөө талаас арилжааны банкуудтай санхүүжилтийн ерөнхий гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахаар хүргүүлсэн бөгөөд арилжааны банкууд зээлийн хүсэлтээ авч эхлээд байна.

– Жилийн гурван хувийн хүүтэй буюу нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож байгаа Хөдөө аж ахуйг дэмжих зээлийн үр дүн, үр өгөөж хэрхэн гарч байна вэ?

Хөдөө аж ахуйг дэмжих зээлийг олгосноор аж ахуйн нэгжүүд болон иргэдийн ажлын байрыг хадгалж, үндэсний үйлдвэрлэлийн тогтвортой үйл ажиллагааг ханган, ноолуурын үнийн уналтаас хамгаалж малчдынхаа бэлэн мөнгөний орлогыг нэмэгдүүлж чадсан. Ялангуяа дэлхийн нийтийг хамраад байгаа цар тахлын хүнд нөхцөл байдлын үед хүнсний хангамжийг тогтвортой байлгахад гол зорилго чиглэгдэж байгаа. Тухайлбал, хаврын тариалалтыг технологийн хугацаанд эхлүүлэн улсын хэмжээнд нийтдээ 616.6 га талбайд тариалалт хийсэн. Үүний үр дүнд бид энэ намар өмнөх жилүүдтэй харьцуулбал харьцангуй өндөр ургац хураан авах төлөвтэй байна. Мөн арилжааны банкны эх үүсвэрээр нөөцийн мах бэлтгэх аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгосноор стандартын шаардлага хангасан мал, мах бэлтгэн нийлүүлж, махны хангамж, үнийн тогтвортой байдлыг хангах асуудал ч багтаж байгаа юм.

– Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зээлээс гадна “Ажлын байрыг дэмжих” хоёр их наядын зээлийн явц танай салбарт ямар явцтай байна вэ?Монгол Улсын Засгийн газраас баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөө”-нд тусгагдсан “Ажлын байрыг дэмжих” зээлийн хүрээд Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 7 дугаар зүйлийн 7.1-д заасан шаардлага, арилжааны банкны шалгуурыг хангасан аж ахуйн нэгжүүдэд Зээлийн батлан даалтын сангаас 60 хувь буюу 300 сая хүртэлх төгрөгийн баталгааг гаргах боломжтой байгаа. Энэ хүрээнд намдугаар сарын 12-ны байдлаар Зээлийн батлан даалтын сангаас 253 аж ахуйн нэгжид 72,3 тэрбум төгрөгийн зээлд 35,6 тэрбум төгрөгийн батлан даалтыг гаргаад байна. Үйл ажиллагааны чиглэлийн хувьд дийлэнх буюу 80 гаруй хувь нь хүнсний болон хөнгөн үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбарт олгогдоод байгаа юм.

Эх сурвалж: https://www.facebook.com/mofagovmn

https://www.facebook.com/UdriinSonin Г.Бат

Leave a Reply

Your email address will not be published.