responsive img

Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссанаар эхлэл нь тавигдсан бөгөөд Засгийн газрын 2010 оны 97 дугаар тогтоолоор "Халх гол төсөл"-ийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг баталж, Зүүн бүсийн газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, Дорнод аймгийн Халх гол суманд мал аж ахуй, газар тариалангийн салбарыг байгалиас хараат бус байгальд ээлтэй, экспортын баримжаатай салбар болгон хөгжүүлэх, загвар аж ахуй байгуулах зорилготойгоор хэрэгжилтийг тухайн үеийн ХХААХҮЯамны харьяа Халх гол төслийн нэгж зохион байгуулсан.

Төслийн үйл ажиллагааны хүрээнд БНСУ-ын КОЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллага ХХААХҮЯамны хооронд 2011 онд санамж бичиг байгуулан, техник тусалцааны 4.0 сая ам.долларын санхүүжилтээр Дорнод аймгийн Халх голын бүс нутагт Загвар аж ахуйн төслийг хэрэгжүүлэх "мал аж ахуй, газар тариалан хосолсон загвар аж ахуй"-г барьж гүйцэтгэн Монгол улсад албан ёсоор хүлээлгэн өгөхөөр тохиролцсон.

Үүний дагуу санхүүжүүлэгч БНСУ-ын КОЙКА олон улсын байгууллага "Мал аж ахуй, газар тариалан хосолсон загвар аж ахуй"-н барилга, байгууламжийн ажлыг 2016 оны 8 сард дуусгаж, улсын комисст хүлээлгэн өгсөн.

Загвар аж ахуйд хийгдсэн ажил:

  • Махны чиглэлийн 100 үхрийн фермийн 1950 м2 барилга, сүүний чиглэлийн 30 үхрийн фермийн 525 м2 барилга, өвс хадгалах 190 м2 агуулах, грашийн болон оффисын барилга баригдсан.
  • Малын тэжээл болон таримал ургамлын үр үржүүлэх зориулалтаар Zimmatic брэндийн 155 га бороожуулах машин бүхий услалтын системийг 2016 оны 8 дугаар сард ашиглалтанд оруулсан.
  • Далд хөрсний тариалалтын зориулалтаар 70х5 метр харьцаатай 3-н хүлэмж суурилуулсан.
  • Загвар аж ахуйн төвийг сумын төвтэй холбосон 13 км цахилгааан дамжуулах агаарын шугамыг татаж, эрчим хүчний хангамжийг шийдвэрлэсэн.
  • Загвар аж ахуйг тойруулан бетонон шон бүхий металл торон 9.2 км хашаа барьсан.
  • ҮХААЯ-ны санхүүжилтээр 2014 онд гүний худаг ашиглалтанд оруулсан.
  • Загвар аж ахуйд ажиллах ажилчдыг бэлтгэх зорилгоор Халх гол сумын иргэдээс сонгон шалгаруулан БНСУ-д 1 сарын сургалтанд хамруулж бэлтгэсэн.
  • Халхголын Загвар аж ахуйд 33 нэр төрлийн трактор, техник тоног төхөөрөмж 2014 оны 10 сарын 09-нд талбайд ирж, Халхгол төслийн нэгж Солонгосын талтай хамтран угсарч, асаан ажиллуулж, механикжуулагчдад сургалт зохион байгуулсан.

Цаашид Загвар аж ахуйг урт хугацаанд үр өгөөжтэй ажиллуулах тал дээр анхаарч махны чиглэлийн үхрийн үүлдрийг жигдрүүлэн өндөр ашиг шимтэй цэвэр үүлдрийн бух, үрээр хээлтүүлэн нарийн бүртгэл хийж сайжруулах, тэжээлийн ургамал тариалалт, үр үржүүлэх, бүс нутгийг хамарсан сургалт судалгааны ажлуүд хийх чиглэлээр ажиллаж байна.