responsive img

Монгол, Хятадын ХААЯ хоорондын Зөвлөлдөх Ажлын хэсгийн VII хуралдаан боллоо

23

8 сар

Монгол Улс, БНХАУ-ын Хөдөө аж ахуйн яам хооронд 2002 онд хамтран ажиллах тухай Санамж бичгийг байгуулж, тогтмол хамтын ажиллагааны механизмыг хөгжүүлж ирсэн. Энэ хүрээнд 8-р сарын 18-22-ны өдрүүдэд БНХАУ-ын Хөдөө аж ахуй, хөдөө тосгодын яамны удирдлагууд Монгол Улсад ажлын айлчлал хийж, хоёр орны ХАА-н яам хоорондын Зөвлөлдөх Ажлын хэсгийн ээлжит 7 дугаар хуралдаан болж өнгөрлөө. Энэхүү хуралдааныг ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, ТЗУГ-ын дарга Т.Жамбалцэрэн нээж үг хэлсэн юм.

 

 

Хуралдааныг Монгол Улсын ХХААХҮЯ-ны Нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар, Хятадын талаас ХААХТЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, хатагтай Ма Хунтао нар ахлан ажиллалаа. Хуралдааны эхэнд хоёр талын Ажлын хэсгийн дарга нар Монгол, Хятадын ХАА-н салбарын талаар товч танилцуулж, дараах асуудлын хүрээнд санал солилцож, хамтран ажиллахаар тохиров. Үүнд:

  1. БНХАУ-ын “Итгэлийн сан”-ийн санхүүжилтээр НҮБ-ын Өмнөд-өмнөдийн хамтын ажиллагааны байгууллагатай хамтран зүүн бүсийг эрүүлжүүлэх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх
  2. Мал эмнэлгийн салбарт хил дамнан халдварладаг мал, амьтан тэдгээрийн гаралтай өвчинтэй тэмцэх, тогтмол мэдээлэл солилцдог платформ байгуулан ажиллах
  3. Монгол Улсын баруун бүсийн салаа туурайтай малын маханд тавьсан экспортын түр хоригийг цуцлуулахад “Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага”-ын зөвлөмжийг баримтлан техникийн хамтын ажиллагааг эхлүүлэх
  4. ХАА-н бүтээгдэхүүний худалдааг хөнгөвчлөх
  5. Мал аж ахуйн салбарт малын үржил, генетик нөөцийг сайжруулах чиглэлээр хоёр орны эрдэмтдийн хамтарсан судалгааны ажлыг дэмжиж ажиллах,
  6. Газар тариалангийн салбарт таримал, ургамлын шинэ сорт турших, бага оврын трактор, ХАА-н машин угсрах үйлдвэрийг Монгол Улсад байгуулах чиглэлээр техник, туслалцааны төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх
  7. Хүнсний үйлдвэрлэлийн салбарт, Хятадын ХААХТЯ-ны харъяа байгууллага болох “Органик хүнсний баталгаажуулалтын төв”-тэй хамтран ажиллаж, Монголд үйлдвэрлэсэн органик бүтээгдэхүүнийг Хятад руу экспортлох “замын зургийг” гаргах
  8. Цаашид салбарын боловсон хүчнийг чадавхжуулах чиглэлээр албан хаагчдыг богино, дунд хугацааны сургалт семинарт тогтмол хамруулах зэрэг болно.

Хуралдааны төгсгөлд хэлэлцэж, тохирсон асуудлын хүрээнд Зөвлөлдөх Ажлын хэсгийн 7 дугаар хуралдааны Протоколд гарын үсэг зурж баталгаажуулав.